Monday, September 29, 2008

Туулай тэжээх гэж байгаа бол..




Туулайг ч бас нохой муурны адил гэрийн тэжээмэл амьтан болгон тэжээж болдог, туулайг хүнд дасдаггүй хүйтэн амьтан гэж боддог бол та эндүүрч. Бүр нялхаас нь аваад өөртөө дасгаад тэжээвэл муухан нохой муурнаас дээр амьтан шүү. Хэрэв өөрт чинь сайн дасчихвал гадаа аваад гарвал хойноос чинь дагаад гүйнэ, зарим сэргэлэн туулай нэрээ мэднэ, нэрээр нь дуудангуут дэлдэгнээд л гүйгээд ирнэ гээд боддоо, хөөрхөн байгаа биз! Гэхдээ туулайг цаг үргэлж гэртээ сул тавих хэрэггүй. Юм мэрэх хоббитой болохоор тогонд залгаастай уртасгагч, хамаг цалингаараа авсан үнэтэй ширээг чинь мэрж л орхино. Тийм болохоор туулайгаа гэртээ хэдэн цаг дэгдүүлж чилээг нь гаргачихаад буцаагаад үүрэнд нь хийх хэрэгтэй.Үүр нь ямар ч том туулай чөлөөтэй тарвалзаж хэвтэхээр том, төмөр байвал зүгээр. Зарим айл цаасан хайрцганд хийнэ гээд байдаг, цаасан хайрцаг чинь туулайны шүдний загатнааг л гаргах эд,тэрийг чинь хэдхэн хормын дотор мэрж нүх гаргаад өөрөө гарах гэж чихэж байгаад гацаад нэг бол бурхан болно, нэг бол гарч гүйгээд юмыг чинь тааваараа мэрнэ, тэгснээс зүгээр л сул тавь!
Туулайны баас шээс их хурц үнэртэй, гэхдээ энэ нь астма, гамериттай хүнд сайн гэдгийг сонин дээрээс харж байсан юм байна.Тэрийг уншаад бодоод байсан чинь намайг жил бүрийн өвөл зовоогоод байдаг гамерит алга болчихсон юм шиг байна лээ.
Үүрэндээ шээж баагаад байх үнэн зовлонтой, туулайд чинь ч тухгүй, хэн л баас шээсэн дээрээ хоолоо идээд хэвтэхийг хүсэхэв дээ! Туулайгаа бүжин байхаас нь туулайны жорлонд бие засуулаад сургачихвал сул гүйж байх үедээ нэг ширхэг ч хоргол гаргахгүй их боловсон амьтан шүү, зарим нэг тэнэг нохойноос л дээр ухаантай амьтан.
Туулайг их үржил сайтай амьтан, 28-31 хоног бүжингээ тэгээд л гаргадаг. Бүжингээ төрүүлээд л 4 хоногийн дараагаас дахин үржих болоцоотой болдог гэсэн, аймар үржил сайн байгааз! Туулай чинь устэй амьтан даа, тэгвэл бүжингээ гаргах гэж байгаа ээж туулай өөрийгөө төрөх болохоо мэдэнгүүт гэдэс гүзээнийхээ бүх үсийг зулгаагаад бүжингүүдээ өлгийдөх ор бэлдээд өөрөө улаан нялга юм болдог юм байна лээ.Би төрөөд 1 хонож байгаа бүжин харж байсан, аймаар ч гэх юм уу, юу ч гэмээр юм аягүй жижигхэн, үсгүй, нүдгүй( нүд нь нээгдээгүй), жижигхэн чихтэй хулгана шиг хүрэхээс ч аймар. Тийм болохоор тийм юмнаас айдаг хүн туулай тэжээвэл төрүүлнэ гэвэл худлаа байх шүү.



Харин хэд хоног болоод үс нь ургаад, чих нь томроод, нүд нь нээгдээд жинхэнэ туулай төрхөндөө ороод ирэхээр үнэхээр эгдүүтэй. Туулай дуу гаргадаггүй амьтан гэдгийг хүн бүр мэднэ, харин жижигхэн бүжин өлсөхөөрөө аймар орилдог юм байна лээ, би бүжинтэйгээ 2уулхнаа гэртээ байж байгаад (би түүнийг худалдаж аваад ганц л хонож байсан юм) тэврэх гээд хүрсэн чинь аймар орилсон, би бүр үхтлээ цочоод золтой аваад шидчихээгүй. Тэгээд алим нухаад өгсөн чинь гөлөг өлсөхөөрөө яадаг билээ яаг тэрэн шиг үхлээ үхлээ, амаа олохгүй идээд унтаад өгсөн.Уг нь бүжинг ч бас эхээс нь салгаад сүү орлуулагч өгөх ёстой юм байна лээ.Надад олдоогүй болохоор ногоо цагаагаар л өсгөсөн, болдог л юм байна. Нээх туулайн ферм энэ тэр гэхгүй, зүгээр л гэртээ тэжээх гэж байгаа бол туулайгаа засуулж, хөнгөлүүлсэн нь дээр. Бас л хавдар юу юу ч билээ өвчин тусах магадлал өндөр болдог гэсэн. Муур шиг нүүр биеэ их угаадаг болохоор ходоодонд нь их хжэмжээний үс хуримтлагддаг, тиймээс сайн самнаж илүү үсийг нь авч байх хэрэгтэй.Хумс нь хурц, тэврэхэд саад болдог учир ойр ойрхон авч байгаарай.
Туулайны сайн тал нь гадаа авч гарч салхилуулна гэж байхгүй, вакцин, тариа будаа хийлгэхгүй, хичнээн цагаар ч хамаагүй үүрэнд нь хорьход хуцаж, мяавлахгүй, завгүй үедээ хэдэн ногоо шидэж өгчихөөд л, амар амьтан шүү. Гэхдээ туулайны ааш янз янз, манай Миффи лав өлсөхөөрөө агсан тавьдаг. Үүрэндээ байгаа аяга, тоглоом ер нь юу л байна бүгдийг нь авч шиднэ, үсэрч цовхорно, урдны тэжээж байсан ямар ч туулай тийм байгаагүй. Ер нь туулайг усанд оруулаад хэрэггүй гэдэг, би зөрүүд болохоороо хааяа хааяа угаагаад, бактерийн эсрэг юм цацчихдаг, яадаг юм, цэвэрхэн л байсан нь дээр шт тээ?
Хүмүүс туулайндаа бараг л юу л бол юу идүүлдэг, бараг хонь гаргачихаад шөлийг нь уулгуулж байж магад шүү. Би бол хэдхэн юм өгдөг,туулайны хоол,талх, шинэ цэвэр өвс, угаасан ногоо, жимсний хальс гэх мэтийг л. Туулай угаасаа л махчин биш юм чинь мах өгч болохгүй, би бүр муурандаа ч болсон мах өгдөггүй.Ус бол хүссэн хэмжээгээр нь өгөх хэрэгтэй.



Үүрний хувьд чилээгээ гаргаад хэвтчихээр, аяга таваг, тоглоом нь багтчихаар, байн байн сул гүйлгэх боломжгүй бол жорлон нь бас орчихоор хэмжээтэй байвал зүгээр.

0 comments:

 

Амьтанд хайртай хэн бүхэнд зориулав © 2008 . Design By: SkinCorner